Wednesday, January 3, 2018

Миний Малена












Надад ч гэсэн өөрийн гэсэн малена байдаг байлаа. Гэнэтхэн л гараад ирсэн зэргэлдээх байрны тагтан дээр тэргэл сарны туяан дор. Зуны шөнө намуухан зурайсан юм шиг миний санаанд тодхон. Байрныхан маань бүгд нэг үйлдвэрт ажилладаг болохоор бүгд бие биенээ хамаатан садан шиг мэднэ. Удалгүй шар Нараагийн оюутан дүү ирж гэнэ тэнднийд... гэх авгай нарын яриа шуугисан радио гэнэт долгион барих шиг сонсдоод өнгөрөв.
Тэр шөнө болгон гарч ирнэ, би шөнө болгон цонхон дээрээ гарч ирэхийг нь хүлээнэ.. Тэр үеэс эхлээд уран бүтээлийн минь сэдэв 180 хэм өөрчилөгдөж охидуудад чирта зурж өгөхөө байгаад хайр дурлалын томьёо ханан дээр сараачиж тоо биш үсэг хооронд нь нэмж хамгийн сайхан хариугаа бодож олж тавидаг байлаа.
Гэвч яагааад ч юм бэ? харах тусам харамсал гунигтай бх шиг заримдаа бүүр чимээгүйхэн уйлаад ч байгаа юм шиг санагддаг байлаа. Нараа эгч л ааштай болохоор балкоон дээр тамхи татлаа гэж дандаа загнаад байдаг байх л гэж боддог байж. Байрны ах нар зарим нь цэцэг өгнө зарим нь чихэр өгнө тэгээд ч нэмэргүй. Манай байрны майк Монхоо ах тэрнээс л болж гитар тоглож сурсан юм. Орцны үүдний сандал дээр Монхоо ахын гитарын тоглолтын хамгийн гол үзэгчид нь манай бяцхан найзууд, довжооны шатан дээр 2 эгнээд суучина. Хөгжилтэй ч байж дээ.
Зуны халуун өдөрүүд үргэлжилсээр л. Манай Дархан ч овоо хална. Нэг орой тэр тамхиныхаа асаагуурыг санамсаргүй унагаачихлаа. Аав ээж 2 намайг юу гэж гаргахав. маргааш өглөө нь тэрүүгээр хайгаад байдаггүй. тэр үед хүмүүс нэг бол бөөрөнхий цагаан тэмээтэй эсвэл улаан амархаан эвдэрчихдэг улаан хятад зажигалкатай байдаг блаа. за ихэнх нь бол монголын модон хайрцагтай шүдэнзтэй. би галаар тоглох дуртай сахилгагүй жаал бсан болохоор сайн санах юм. манай жард /60 айл гэж манай нөгөө зэргэлдээ байрыг хэлнэ/ хар өглөөгүүр босоол гимнастик хийж тэр хавиараа тойроод гүйгээд бдаг нэг ахмад дайчин өвөө блаа. Батсуурь гуай ч гэдэг билүү бас Пэлжээ ч гэж нэг ахмах дайчин байлуу хольж мартсан бна. Өвөө нар 60-ын урд талын саравчинд шатар даалуу тоглоол. Батсуурь өвөө нэг жижигхэн цагаан юм бусад өвөө нартаа үзүүлж бгааг нь хараад би шууд танилаа.
Яг тийм юмыг би өөр ахаас олоод шуучилаа бараг анх удаа юм хулгайлж үзэж байсан бх. орос киноны баригдашгүй өшөө авагч шиг баатарлаг мэдрэмж төрөөл бас хөөрхөн айдастай. Энэ юу ч биш хамгийн гол айдас маань урд минь байлаа. Тэдний шатаар өгсөж явахдаа түг-түг, түг-түг. Тэгээд хаалган дээр нь ирчихлээ. Урьд нь хонхыг нь дараад зугатаж тоглодог байсан олон танил хаалгануудын нэгийг тэр өдөр арай өөр зорилгоор эр хүн шиг шийдэмгий дарлаа. өчигдөрхөн л үсэрэн байж дардаг байсан хонхыг гараа өргөөд л дарчихлаа. Бас өлмийгөө өргөөд. Хөлийн чимээ сонсогдлоо дараа нь цоож. тэвчиж чадалгүй рефлексээрээ зугатахаар эргэж гүйтэл хойноос "Хөөе" гэсэн тэр гайхалтай хоолой намайг нам тооромзлуулан зогсоолоо. Тэрнээс хойшхи процессыг детиалчилан сайн сандаггүй юм. би нөгөөх юм аа өгөөл бсан маш их гэрэл гялбасан гэрэлтсэн цагаан унтлагын хувцас цагаан төмөр ор цагаан даавуу нарны хурц гэрэл шар модон шалан дээр асгараал бүүр хальж урсаж бгаа юм шиг тийм их гэрэл. Ичээд ч тэр юм уу өөр тийшээ доошоо л хараад байсан болохоор их л тод гэрэл л санагдаад байдаг юм. Бас нэг тийм уянгалаг хоолой надтай яриад байсаныгг ойлгоогүй ч гэсэн толгой тохиол байсан. Ёотон идэж байхуу цай уусан нь яг л ундаа шиг санагдсан орос цэцэрлэгийн компоодноос ч гоё.
.... "Миний дүү эгч дээ тусалж байгаарай" гэсэн үг нь л мартагдалгүй үлдэж. Яг л миний үүрэг гэж бодоод чимээгүй толгой дохисон нь эх орондоо хүлээсэн тангараг шиг санагддаг байж билээ. Миний тус ч гэж юу байхав хааяа нэг талх давсанд нь гүйж өгнө. Бодоход ер нь л гэрээсээ гарах дургүй бүгээнч хүн шиг бсан юм шиг. одоогийн надархуу зожигорсон.
Хоёр гурав гэрээр нь орж гарж байж арай нэг нүд онгойлоо. Толигор цэвэрхэн сайхан царайтай их сонин гоё нүдтэй онигор юм шиг хэрнээ их урт жартагар заримдаа нүд нь нээлтэтэй мөртлөө өөр тийшээ хараад ч бгаа юм шиг юу ч гэмээр юм бэ дээ солир гэхэд арай биш гэхдээ л тийм нэг гоё тунгалаг усан нүдтэй. ихэнхдээ тийм тунгалаг урсгал нүдтэй хүмүүсийнх их гэрэлтсэн оч гийсэн байдаг. харин түүнийх бол сүүмгэрдүү ч юм шиг. гэхдээ унтарсан нүд бол биш шүү. Тийм л сайхан нүдийг битгий хэл түүнтэй жаахан ч гэсэн нэг талаараа дөхөж очих ядахнаа санагдуулаад өнгөрөх нүдийг хүмүүсийн энэ олон нүдэн дундаас одоог хүртэл хичнээн зураад хичнээн хайгаад ч олж хараагүй л бна . Хүний нүд өөрчлөгддөггүй юм гэнэ билээ. Хаа нэгтээ байгаа л байх.
Одоо нүднээс өөр юм ярья гуниглаж уянгалаж өгөх нь байна. Орны нь толгой дээрх авдар дээр нь гурав нугардаг тольтой. тэр тольны 2 талын хавтасных нь араар зөндөө ном өрөөстэй. хатуу хавтастай зузаан номууд байсан нь орос ном байсан байх. Зарим ном нь "аймаар" зарим нь зүгээр л үргэлжилсэн юм уу шатласан үгнүүд бичигдсэн. Зарим нэг тэр "аймаар" ном бас хананд нь өлгөсөн аймаар эвгүй гаж зурагнаас нь болоод шөнө тамхиа татчихаад гэрлүүгээ орохдоо мангас шулам болдийн болов уу? гэж нууцхан сонирхсон гэнэн төсөөлөл их төрдөг байлаа. Тэр ханан дээр байгаа зурагт дөрөв таван урт үстэй орос шар хүмүүс байгаа юм шиг мөртлөө бүгдэнгийнх нь царай нийлээд нэг том болчихсон, олон нүүртэй нэг хүн шиг аймшигийн мангас шиг санагддаг байлаа. тэгээд нэг өдөр надад тэр хүмүүсийн дууг том өрөөндөө их л нандигнасан нэг пянзаар сонсуулсан юм. Яг л аймшигийн амьтаны хүрээлэнд байгаа чөтгөрүүд шиг сонсогдосон тэгээд би энэ олон нүүртэй мангас чинь бас олон янзаар өөр өөр хүн шиг дуулдийн бна гэж ойлгож авсан юмдаг. Хамгийн гоё нь тэр дуу нь таалагдаагүй айлгаж байсан ч түүнтэй би хамт бүжиглэж сайхан байсан юм. бүжиглэх ч гэж дээ зүгээр л үсчиж далжигнаж сарвалзсан байх. Тэгээд нөгөө нэг зарим нэг аймар номууд дээр хүний огтолж тайрсан гар хөл, хонины цувдай шиг гаргаад үзүүлчихсэн хүний элэг бөөрний зурагнуудтай ийи ийий аймаар аймаар зузаан зузаан хүнд номууд байдаг байлаа.
Нэг өдөр клубника варень гээд талхан дээр нэг улаан юм түрхээд өглөө. Зиа ингээд хүний мах ... мангас болдийм байж гэж бодож байтал ид гээл бараг ам руу чихчихлээ тэгсэн нээх гоё амт амтагдаал хэхэ... Энэ бүхэн нууцлаг бяцхан айдастай байх тусмаа миний сонирхолыг улам их татаж яг л энэ гоё амт шиг намайг дурлуулж байлаа.
Сайхан хүүхэнийг хов чимнэ сайхан залууг сорви чимнэ гэдэг шиг байрны авгай нар жиг жуг гээл том даргатай явж байгаад тэгээд абортонд орчоод биеэ тэнхэрүүлэх гэж ирсэн юм гэнэ лээ гэж ярих нь сонсогдлоо. Орой нь ээжийг ажилаас нь ирэхлээр ээжээ аборт гэж юу юм бэ? гэтэл бараг л намайг загнаад юун том хүний юм гэдэг зодуулах шахав. Тэгээд би бодохдоо аан даргын машинд сууж явж байгаад аваарт ороод машин нь онхолдсон юм байна гэж бяцхан оюундаа дүгнэлт хийсэн юм. Тэр үгний утгыг бүүр хожим ойлгоод яагаад тийм гунигтай яагаад тийм ганцаардмал байсаныг нь ойлгосон юм.
Гэнэтхэн нэг өдөр гарч ирсэн шигээ гэнэтхэн л нэг өдөр тэр алга болсон юм хаашаа ч юм билээ. тэр цагаас хойш Монхоо ахын гитар хүртэл нэг л уйтгартай гунигтай болчихсон юм шиг.
Олоон жилийн дараа томоо болсон хойноо Күйньны дууг сонсоод дахин нэг дурлаж билээ. Айж байсан хөгжимдөө сэтгэлээсээ дурлаж сонсоход сормуус чийгтэн үгүйлэн харуусахын хар нулимс хацарт хүрэхийн мөчид сайхан дурсамж бэлэглэсэн талархалын цагаан нулимс улам түрэн сэтгэлээ онгойтол сайхан уйлсан юм. Тийм хүн олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлээгүй ч байж болно. хов муу үгийг бай болсон байлаа ч гэсэн хэн нэгэнд мартагдашгүй сайхан зүйл үлдээсэн байдаг. Түүнийг дурсамж гэвэл дурсамж үлдэж хов жив хог шиг хийсэн одсон байдаг.







Wednesday, October 5, 2016

+ хх +++ хх ++ хх +

         

          Уйтгар гунигаасаа уйдаж залхадаггүй уртаас урт өдөр хоногууд минь ээ. Уг нь би инээж хөгжилдөж болох л байх. Уйтгарлахад уйтгарлаад л баймаар гуниглахад гуниглаад л баймаар байж боломгүй ч байлгаад л баймаар баримгүй бас тавимгүй бүлээхэн сэтгэлд зөөлхөн илээд л баймаар энхрийхэн уйтгар гуниг минь ээ. Намар та 2 намайгаа найрагчын сэтгэл лугаа хөглөж намуухан жаз хөмжимнөө найган бүжиглэх нялуун гэмгүй анхилам, ялгуун гэмээр төгөлдөр үдшээр яг л өд мэт хөнгөрөх сэтгэлийг яг л өдөөр гижигдэх мэт төөнөнө. Хацар нүүр улайгаад ч бга юм шиг санагдаж хананд өлгөөтэй толь руу хэрэгт дурласан хүүхэд шиг шагайхад зүгээр л би халууцсан блаа.
                               Бүжиг

         Ганц хүний театр мэт гэр оронд минь үзэгчийн суудал гэж үгүй. бүжигчин дуучин найруулагч бүгдийг нь би хийдэг манаач цэвэрлэгчийг нь ч бас.
         Орд харш мэт сүм дуган мэт музей галлерей мэт мужаан цех муурын байшин ч юм шиг зураачын урлан зоогийн газар завхайрал дэмийрэлийн дэм буудал, нийтийн жорлон номын сан мэт эцэст нь шарилаа тонуулсан ч пирамид мэт сүрлэг орших бунхан лугаа дүнсийж хоцрох энэхэн оршихуйнхаа эзэн фараон нь би бна.

         Фараоны ганцаардал фараоны гуниглал бусад бүх хүмүүст үл сэтгэгдэнэ.

         Ордны гадаа орцны үүдэн дэхь сандал дээр оройжин хэдэн согтуу хүн "би Чингисийн монгол, би Чингис хаан" гэхийг фараоны ухаан үл ойлгоно.

хх--хХх--хх

        ...Гунигт хайр, бүтэлгүй дурлалын дуунд нулимс дусалуулан суух нь хэн нэгэнтэй огтхон ч холбоогүй. холбоотой байх хэн ч байхгүй. Түүнд бүтэлтэй хайр ч гэж байхгүй бүтэлгүй хайр ч гэж байхгүй. Бүгд худлаа . Бүгд сэтгэлийн хөөрөл байсан. Бүгд худлаа.
сэтгэлээр унах нь л харин хамгийн үнэн хамгийн новшийн бас хамгийн уянгалаг , уярам сайхан ч гэмээр юм уу муухай зүйл. 
                 /агуу их ганцаардал аа гэж санаа алдав/
        Тэнгэрт нисэх сайхан ч тэнүүчилэн газраар хэсэх нь тэнэг хүний тэнэгээрээ үлдэхгүй гэж тэнэглэн зүтгэж буй тэвчээр барам ухаан суух үнэний ганц зам гуталын улны дайсан цэргийн хүний хатуужил мунхаг миний алганы зураас алдаж төөрөх мухар гудамж. Энэ бүх төөрдөг байшин тархинд минь эргэлдэж эргүүлэгт нь өөрөө живж зүүдэндээ лусын дагинатай учирч сэрүүндээ сэрүүлэгтэй цагаа шидсэнээр эхлэх төөрдөггүй боловч түгжирсэнээр эхлэх гэрлэн дохион дээр гацаж гэрлүүгээ дараа нь мацаж босгож яваа шороо, бодит амьдралаас сэдэвлэсэн ч боть ботиар хэвлэгдэхгүй бор хүмүүний түүх, борцтой сайхан лапша /лавша гэж бичих нь зөв бх. явсаар бгаад хоол руу орчихвоо, өлсөөд бгаам бх даа. за болий./

Sunday, March 13, 2016

x-x-x

Юу ч үл бодно, юу ч үл бодогдоно. Зөвхөн энэ л мэдрэмжийн нарийхан утас газраас тэнгэрт тэнгэрээс газарт чангаах шиг болох нь үлгэрлэвээс цаасан шувуу нисгэхийн адил. Нисэлт гэмээр энэ мэдрэмж намайг хааш нь хүргэхийг хийсэх салхи хөврөх утас л мэдмүй.
            Хөгжимийн чавхдас мэт нарийхан утасанд хүнийг ховсдох увидас буй.
Сэвшээ салхи шидэт лимбээр наадахад ховсонд автсан цаасан шувуу хорвоог мартан ниснэ.  Мартагдсан хорвоод буухад манаж чадаагүй зүүдээ санахгүй байх шиг магадгүй хаашаа ниссэнээ ч хэлж чадахгүй.
 Мэдрэмжийн хурц хэлбэр ч юм уу? Мэдрэлийн өвчины шинж тэмдэг ч юм билүү? 
Хоосон зэргэлээ адил хуурмаг мэдрэмжийг тэр ертөнцөд үзэгдэх орчин хязгаарлагдаж үүл мананд төөрөхөд таньж мэдэх таван мэдрэхүй ч учираа алдаж таг харанхуй таг дүлий таг сохор мэт тэмтэрч барих юув гэвэл тортогт сэтгэлээс уугих утаа хийсэх үнс мэт хоосон л эзэрхэнэ.

Хормын төдийн ухаан балартах агшин зуурнаа хумхийн тоос болон сарнин одохуйд хий үзэгдэл бодит биеийг эзэмдэх мэт хийсвэр зураг ховсдуулсан ухаанд зурс зурс хийнэ. Хараа нээлттэй байвч харах зүйл юу ч үгүй мэт. Харанхуйг чимээлэн нүдээ анивал хурц гэрэл гялсхийн анивчих шиг .-.-.-.-.-.-.-.- хурц гэрэл сохлох мэт юу ч үгүй гэнэт харанхуй болоход алтан тоос агаарт дэгдэн асар сонин зураг зурна. Ахиад гэрэл асна. Алтан тоос. 

***

Сүр хүчинд чинь сөгдөн мөргөе сүнсний дуулалд сүг бие минь хөтлөгдөн сүүн зам тэнгэрийн заадасаар аялмуй. Солирын мананцараас сүүлт од цойлон сансар хорвоогоор тойрох шиг сүргээс нэгэн чоно тасарч  хөвч хангайд хэрэх мэт. Ганцаар чонын улиан  гялбах оддынн туяанд гол мөрөн лусын охин ганган сүрлэг их уулсын савдагт нэгэн шөнөнөө эрхлэн хононо. 
Илбэ жатга хараалын шивнээ эртний нэгэн мөргөлийн уншлага энэ биеийг орхин одох эзэн сүнсийг хөтлөн байхуйд эхлэл төгсгөлгүй мэт энэ хорвоогийн юм бүхэн эрвээхийн далавч шиг гоёмсог атлаа элсэн байшин шиг хэврэг болохийг , бядмаг хүмүүний нэгэн амь бүтээх сөнөөх юм бүхэн багваахай цэцгийн багц задран шүхэрлэн хийсэхийн ч үнэд хүрэхгүй болохыг шарилын чулуу модон авс нь хүртэл түүнд хүнддэхийг хормын дотор хичнээн утга зэрэгцэн оршихуйг сайн муу бүх л утга судрын ганц хуудаснаа тодхон дурайхыг зөв буруу бүхнийг хурааж зүрхэн тарни ганцад багтааж болохыг зүүд зэрэглээн дундаас зөн совин хэллээ..
гэвч хүн гэдэг хөөс адил хагаравч бөөс мэт үржих тул хүсэл шунал хайр хорсол хагацал учирал нулимс болоод цус үл дундарна. 

Sunday, February 14, 2016

xxxxxxxxxxxxxxx

    

  Хүсэлээ дарж хясалаа давж мөрөөдөп гэгч шуналаа дэвсэж хаяаад цаашаа алхана. Цаашилан цаашилсаар цаг хугацааны эргүүлэгт цөхрөл гэгчийг цөм татаад хэрзийсэн хавирган дотроосоо нэвт сийгэх хөлдүү мөсийг хага яран хөлөг онгоц түрнэ.
       ***
       Салхи зүсэж салхинд зүсэгдэж цан мөс үс сахлийг дараад царай нүүр ядруу дааруу явахад цахир хоолой цухал гунихарлын гүнээс цуурайтан нүргэлнэ. Чшшш чимээгүй сонсохгүй байна уу? цас чихаран хөлийн дор будар будар хийхээс өөр, харанхуй булангийн цаана муур гэтэжээс өөр юу ч сонсдохгүй бхад...
       ***
      Төмөр авиа түнэр шөнийг эзэмдэж цахир хоолой царцуу сэтгэлийг хайлгана. Хүйтэн байна даарч бна. Миний цонхоор сар туяаран шилны цаанаас мөсөн хуар болорын талстыг гялтагнуулан үзэсгэлэнтэйгээр гийх юм. Бас чимээгүй болоод алс холынх юм.Танил ч юм шиг...

Saturday, January 16, 2016

xxx-xxx-xxx

би инээмээр байна. гэвч би инээж чадахгүй нь. би инээж баясмаар байна. гэвч би инээж баясч чадахгүй нь.
инээхэд хэтэрхий гунигтай ертөнц юм. уй гуниг. Инээхээс ч айдас хүрч бна. инээвэл галзуурчих юм шиг. Солиорч галзуурч байж л би инээж чадах байх.
би уйлмаар байна. гэвч би уйлж бас л чадахгүй нь. би уйлж хайлмаар байна. гэвч би уйлж хайлж чадахгүй нь.
уйлахад хэтэрхий хуурамч ертөнц юм. уйлахаас ч айдас хүрч байна.
уйлбал би жинхэнээсээ уйлчих гээд байна.

----x-xxx-x---


   Зураад л зураад л ёохх ингэж амьдралаа үрэх хэрэггүй. Тэгсэн тэгээгүй яасан яагаагүй үрэгдээд л дуусах учиртай юм болохоор шавьжны л адил амьдралаа үрэх хамгийн сайхан арга нь зураг зурах юм. 
Өвөл зунгүй өдөр шөнөгүй өглөө орой гэхгүй.
Өчигдөр ч тийм л байсан өнөөдөр ч тийм байх, өөр нэг өдөр ч тийм байх тэг зурааснаасаа гажилгүй тэнхлэгээ тойрон эргэх, төгсгөлгүй юм шиг хэзээ эхэлсэнээ мартсан цаг хугацааны, цуурай чимээний, цэг таслалын цэнхэр шар өнгөний цонх тэгээд бас цэлмэг тэнгэрийн нэгэн хэсэг болтлоо бүхнийг огоорох. 
сэрүүлгээ мартаад унтах. үүнээс илүү утга учиртай зүйл юу байгааг олж харахгүй байна. унтах.
унтаад л унтаад л ёоххх ингэж залуу насаа үрэх хэрэггүй !!! тэгсэн тэгээгүй яасан яагаагүй шувууны сүүдэр шиг залуу нас юм чинь учир утгагүй урвал одох өдрүүдийг урт атлаа үнэнч шөнүүдээр солиод л боллаа