Sunday, March 13, 2016

x-x-x

Юу ч үл бодно, юу ч үл бодогдоно. Зөвхөн энэ л мэдрэмжийн нарийхан утас газраас тэнгэрт тэнгэрээс газарт чангаах шиг болох нь үлгэрлэвээс цаасан шувуу нисгэхийн адил. Нисэлт гэмээр энэ мэдрэмж намайг хааш нь хүргэхийг хийсэх салхи хөврөх утас л мэдмүй.
            Хөгжимийн чавхдас мэт нарийхан утасанд хүнийг ховсдох увидас буй.
Сэвшээ салхи шидэт лимбээр наадахад ховсонд автсан цаасан шувуу хорвоог мартан ниснэ.  Мартагдсан хорвоод буухад манаж чадаагүй зүүдээ санахгүй байх шиг магадгүй хаашаа ниссэнээ ч хэлж чадахгүй.
 Мэдрэмжийн хурц хэлбэр ч юм уу? Мэдрэлийн өвчины шинж тэмдэг ч юм билүү? 
Хоосон зэргэлээ адил хуурмаг мэдрэмжийг тэр ертөнцөд үзэгдэх орчин хязгаарлагдаж үүл мананд төөрөхөд таньж мэдэх таван мэдрэхүй ч учираа алдаж таг харанхуй таг дүлий таг сохор мэт тэмтэрч барих юув гэвэл тортогт сэтгэлээс уугих утаа хийсэх үнс мэт хоосон л эзэрхэнэ.

Хормын төдийн ухаан балартах агшин зуурнаа хумхийн тоос болон сарнин одохуйд хий үзэгдэл бодит биеийг эзэмдэх мэт хийсвэр зураг ховсдуулсан ухаанд зурс зурс хийнэ. Хараа нээлттэй байвч харах зүйл юу ч үгүй мэт. Харанхуйг чимээлэн нүдээ анивал хурц гэрэл гялсхийн анивчих шиг .-.-.-.-.-.-.-.- хурц гэрэл сохлох мэт юу ч үгүй гэнэт харанхуй болоход алтан тоос агаарт дэгдэн асар сонин зураг зурна. Ахиад гэрэл асна. Алтан тоос. 

***

Сүр хүчинд чинь сөгдөн мөргөе сүнсний дуулалд сүг бие минь хөтлөгдөн сүүн зам тэнгэрийн заадасаар аялмуй. Солирын мананцараас сүүлт од цойлон сансар хорвоогоор тойрох шиг сүргээс нэгэн чоно тасарч  хөвч хангайд хэрэх мэт. Ганцаар чонын улиан  гялбах оддынн туяанд гол мөрөн лусын охин ганган сүрлэг их уулсын савдагт нэгэн шөнөнөө эрхлэн хононо. 
Илбэ жатга хараалын шивнээ эртний нэгэн мөргөлийн уншлага энэ биеийг орхин одох эзэн сүнсийг хөтлөн байхуйд эхлэл төгсгөлгүй мэт энэ хорвоогийн юм бүхэн эрвээхийн далавч шиг гоёмсог атлаа элсэн байшин шиг хэврэг болохийг , бядмаг хүмүүний нэгэн амь бүтээх сөнөөх юм бүхэн багваахай цэцгийн багц задран шүхэрлэн хийсэхийн ч үнэд хүрэхгүй болохыг шарилын чулуу модон авс нь хүртэл түүнд хүнддэхийг хормын дотор хичнээн утга зэрэгцэн оршихуйг сайн муу бүх л утга судрын ганц хуудаснаа тодхон дурайхыг зөв буруу бүхнийг хурааж зүрхэн тарни ганцад багтааж болохыг зүүд зэрэглээн дундаас зөн совин хэллээ..
гэвч хүн гэдэг хөөс адил хагаравч бөөс мэт үржих тул хүсэл шунал хайр хорсол хагацал учирал нулимс болоод цус үл дундарна.